Аж ахуй нэгж, байгууллагуудын эрүүл мэндийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэн, ажлын байрандаа эрүүл, аюулгүй, таатай орчин нөхцлийг бүрдүүлэх, ажиллагсдын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, халдварт болон халдварт бус өвчлөлөөс урьдчилэн сэргийлэх, амьдралын эрүүл зөв зан үйлийг сурталчлах, төлөвшүүлэх талаар зохион байгуулсан ажлыг үнэлж дүгнэн “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, “Эрүүл ажлын байр”-ыг жил бүр шалгаруулдаг уламжлалтай билээ.
Энэхүү ажлын хүрээнд “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, “Эрүүл ажлын байр” шалгаруулах шалгуур үзүүлэлтийн дагуу материалаа ирүүлсэн 3 байгууллагын материалд үнэлгээ өгч дүгнэн шалгарсан байгууллагад шагналыг гардууллаа.
“Эрүүл эрүүл мэндийг дэмжигч байгууллага” “Эрүүл эрүүл мэндийг дэмжигч байгууллага” 2-р зэргийн болзолыг хангаж Л.Оюун эрхлэгчтэй Сайнцагаан сумын 8 дугаар цэцэрлэг шалгарлаа.
“Эрүүл мэндийг дэмжигч байгууллага” 2 дугаар зэрэглэлийн болзол хангаж шалгарсан тус байгууллага нь “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага” болох зорилт тавин сүүлийн 5 жил ажлын байрандаа эрүүл мэндийг дэмжигч орчин бүрдүүлэх үйл ажиллагааг идэвх, санаачлагатай хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.
Мөн “Эрүүл мэндээ дээдлэгч өрх, гэр бүл, иргэн” шалгаруулах журмын дагуу шалгаруулалтыг зохион байгуулж “Эрүүл мэндээ дээдлэгч иргэн”-ээр Сайнцагаан сумын иргэн А.Оюун-Эрдэнэ, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх, гэр бүл”-ээр Сайнцагаан сумын 8-р багийн иргэн Б.Умааханы гэр бүл, 9-р багийн иргэн Ж.Энхмандалын гэр бүл тус тус шалгарлаа. Эдгээр иргэд нь идэвхтэй дасгал хөдөлгөөнийг эрхэмлэн хэвшил болгож аливаа хорт зуршлаас ангид байж эрүүл зөв зохистой хооллолт, эрүүл амьдрах зан үйлийг бусадад уриалан, үлгэрлэн манлайлж байгаа иргэд юм.