Захиа шалгах Лого татах

Түүхэн замнал

Аймгийн Эрүүл мэндийн байгуулагын үүсэл хөгжлийн түүхийг доорхи үндсэн 3 үе болгон авч үзэж болно.

  1. Эрүүлийг хамгаалах байгууллагын салбар байгуулагдаж  бэхжин,  их эмчийн болон нарийн мэргэжлийн   тусламж үзүүлж эхэлсэн үе (1941-1960 он)
  2.  Материаллаг баазаар бэхжин, нарийн мэргэжлийн тусламжийн төрөл, хүрээ өргөжин, эмчилгээ үйлчилгээнд чанарын ахиц гарсан үе (1961-1990 он)
  3. Эрүүл мэндийн байгууллагууд зах зээлийн харилцаанд шилжиж, зохицин ажиллаж эхэлсэн үе (1990 оноос хойших)

Нэгдүгээр үе. 1942-1960 он

Эрүүлийг хамгаалах байгууллагын салбар байгуулагдаж бэхжин,  их эмчийн болон нарийн мэргэжлийн   тусламж үзүүлж эхэлсэн үе:

Тус аймагт эмнэлгийн үйлчилгээ эхэлсэн анхны жилүүдэд эмнэлгийн мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байсныг харгалзан бага эмч ажиллах салбарт туршлагатай сувилагчдыг шалган бага эмчээр  томилон ажиллуулж байжээ. Өөрөөр хэлбэл эмнэлгийн салбарын тулгын чулууг тавигчид нь бага эмч, сувилагчид байв.

1942 онд бага эмчийн 10 салбар, сестрагийн 8 салбар ажиллаж, аймгийн төвд эмнэлгийн үйлчилгээ бага эмчийн хүрээнд ажиллаж эхлээд байлаа. Бага эмч нь сумын даргын гарын үсгээр нэг сумаас нөгөөд очих, багт дуудлаганд явж үйлчилдэг байжээ. Энэ үед тус аймагт харъяалагдаж ирсэн  сумаас  Дэлгэрхангай, Цагаандэлгэр, Дэлгэрцогт, Гурвансайханд сум харъяалж үйлчлэх бага эмчийн салбар ажиллаж ,  1942 оны сүүлчээс орон нутагт их эмчийн тусламж үйлчилгээ авах боломж бүрдэж эхэлсэн байна.

Аймгийн анхны их эмч нь ЭХЯ-ны сайдын 1942 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 337 тоот тушаалаар 1943 оны 01 дүгээр сарын 01-нээс томилогдсон ЗХУ-д сургууль төгссөн их эмч Т.Шагдарсүрэн юм. Дундговь аймгийн даргын 1943 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 15 тоот тушаалд сестра Балдан-Осорын хариуцаж байсан амбулоторийн эм багажийг их эмч Т.Шагдарсүрэнд нарийн нягтаар хүлээлгэн өгөхийг даалгаж байжээ. Ийнхүү Дундговь аймгийн ард түмэн их эмчийн тусламжийг авч эхэлсэн байна.  Тэрээр аймагт удаан ажиллаагүй ч шинэ байгуулагдсан аймгийн эмнэлгийг тохижуулах, эмчилгээ үйлчилгээг зохион байгуулах, төв хөдөөгийн дуудлаганд явж, аймгийн  хүн амд их эмчийн тусламж үзүүлж эхэлсэн анхны үндэсний их эмч байв. Хожмоо  академич, профессор, гавьяат эмч болж, “зүрхний”  Шагдарсүрэн хэмээн алдаршсан  юм.

Аймгийн больницод 1944-1945 онд их эмч Цэрмаа ажиллаж байгаад шилжсэн учир больницын үндэс суурь тавилцсан бага эмч Р.Цэнд-Аюуш больницын бүхий л үйл ажиллагааг зохион байгуулж амбулатори больницод үзлэг хийж  төв, хөдөөгийн хүн амд дуудлагаар үйлчилж байв.

Аймгийн хэмжээнд эрүүлийг хамгаалах ажил өргөжин салбарын тоо нэмэгдэн тэдний үйл ажиллагааг зангидах, улс орны бодлогыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагын дор удирдан зохион байгуулах нэгжийг Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулж бий болгон үйл ажиллагааг  эхлүүлсэн нь одоогийн эрүүл мэндийн газар байсан байна.

Аймгийн эмнэлгийн хэлтэс ( одоогийн эрүүл мэндийн газар) 1946 оноос бие даан ажиллаж анхны даргаар эмнэлгийн мэргэжлийн бус  Пэрэнлэй хэмээх хүн томилогдон  нам засгийн бодлогыг хэрэгжүүлэхэд   удирдлага, арга зүйгээр хангах ажлыг зохион байгуулж эхэлжээ.

Бага эмч, салбарын эрхлэгчдийн ажил, мэргэжлийн байдлыг жилийн эцэст дүгнэн мэргэжлийн хичээл, ажил төрлийн зөвлөгөөнийг 7-14 хоногоор хийж, эрүүлийг хамгаалах хэлтсээс эмнэлэг үйлчилгээ, ариун цэврийн талаар үүрэг даалгавар өгч байв. Энэ тухай материалаас үзэхэд аймгийн яамны 1947 оны 1 дугээр сарын 31-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор хүний их эмч нарын түр курс явуулах тухай зааж, “… аливаа халдварт өвчнийг устгах талаар хүн эмнэлгээс зохиож байгаа ажил хангалтгүй, өвчлөл их байгааг харгалзан сумдын хүний эмч нарыг татан авчирч семинар өгөх. 1946 онд хийсэн ажлыг дүгнэн илтгэл хэлэлцүүлэхийг аймгийн их эмчийг орлон ажиллаж байгаа Намсрай, эрүүлийг хамгаалах хэлтэс (Пэрэнлэй)-т даалгасан” байна. Мөн 1947 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 6 дугаар тогтоолоор “… 1947 оны төлөвлөгөөг баталж, бага эмч сестрагийн курсийг 4 дүгээр сард багтаан сургууль хийлгэхийг эрүүлийг хамгаалах хэлтэс Пэрэнлэй, их эмч Б.Гэпилмаа нарт даалгажээ. 1947 онд 12 бага эмч, 6 сувилагч сум хариуцан үйлчилж байлаа.

Иймээс аймгийн нам улсын байгууллагаас эмнэлгийн салбар байгууллагыг бэхжүүлэх, үйл ажиллагааг сайжруулах, боловсон хүчнээр хангах талаар онцгой анхаарч 1947 оны 3 дугаар сарын 4-ны өдрийн 10 дугаар тогтоолд дурьдсанаар эмнэлгийн мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай, анагаах ухааны практик муу байгаагаас сүүлийн 7 жилийн дотор хүн ам өсөөгүй, Их-эрээн, Буянт сумын хүн ам 3,5% хорогдсоныг дурьдаж, Говь-Угтаалд их эмчийн салбар, Сайнцагаан, Хулд, Цогтчандманы сестрагийн салбарт бага эмчийн салбар байгуулж өгөх хүсэлтийг ЭМЯ-нд  тавьж байжээ.

Дундговь аймгийн ууган бага эмч нарын тоонд Д.Батбуян,  Д.Цэвээн, Дамдин, Р.Цэнд-Аюуш, Б.Орго, Д.Пүрэвжав, Ч.Лувсанбалдан, Адъяа, Санзай, С.Лувсан-Очир,  Балдандагва, Жамъян, Б.Сараадан, анхны сувилагчид Чойжил, Шар, Ц.Үржинханд, Д.Мэнд, Д.Лхамжав, Л.Ролзод, П.Цэдэн, Ц.Содном нар багтдаг юм. Эдгээр  мэргэжилтнүүд  Дундговьчуудын эрүүл мэнд сайн сайхны төлөө оюун ухаан хүч хөдөлмөрөө зориулан ажилласан хүндтэй хүмүүс нь болж түүхэнд үлджээ.

Аймаг байгуулагдсан анхан үед эмнэлгийн материаллаг хангамж үнэхээр дутмаг хангалтгүй байв. Аймгийн эмнэлгийн эд аж ахуйг сумын эмнэлгийн салбараас илүүчлэн, Өмнөговь аймгаас хатуу эдлэлийг зөөвөрлөн авчрах журмаар төвийн эмнэлгийн аж ахуй, багаж хэрэгслийг бүрдүүлж байв. Хөдөөгийн салбар ч орон байр аж ахуйн хангамж дорой, тоног төхөөрөмж хүрэлцэхгүй байлаа. Ийм байдал 1946 он хүртэл үргэлжилжээ. Эх орны дайны жилүүдэд хөрөнгө, мөнгийг маш гамтай үр ашигтай зарцуулах асуудал онцгой тавигдаж байлаа. 1945-1947 он бол дэлхийн II дайнд Зөвлөлтийн ард түмэн ялалт байгуулж, энх тайвны  бүтээн байгуулалтын ажил эхэлсэн түүхт үе байлаа. Энэ үеэс эмнэлгийн байгууллагын салбарт зарцуулах улсын төсөв, хөрөнгө оруулалт өсөх боломжтой болж аймгийн эмнэлгийн суурь тавигдаж больницын анхны барилга улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж, аймгийн больницод их эмчийн тусламж үзүүлж, орны мэргэжлийн хуваарь үүссэн юм.

Дундговь аймгийн больницын анхны барилга хөрөнгө оруулалтаар  220,0 мянган төгрөгийн төсөвөөр 1945-1947 онд баригдаж ашиглалтанд орсноор 10 ортой байсан больниц   1947 оноос 30 ортой болж хүчин чадал  нэмэгдсэнээр дотор , төрөх , хүүхэдийнх 1942 он, мэс засал 1948 он  арьс өнгө 1945 он  зэргээр орны мэргэжлийн ялгавар гарч,  эмнэлгийн лаборатори нээгдэж анхны лаборантаар Ч.Гонжив томилогдон ажиллажээ.

Ингэж 1941-1947 онд аймгийн төв болон хөдөөгийн  18 суманд бага эмчийн болон сестрагийн салбар ажиллаж  их бага эмчийн тусламжийг хүн амд үзүүлэх ажилд ахиц гарч, аймгийн эмнэлгийн материаллаг бааз бэхжин мэргэжлийн тусламж үзүүлэх эхлэл тавигдсан юм.

1948-1960 оны хооронд аймгийн эмнэлэгт нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх, хөдөөгийн хүн амд  их эмчийн тусламжийг ойртуулах үйл ажиллагаа явагдав.

1948 он бол манай улс ардын аж ахуйн салбарыг хэтийн төлөвлөгөөтэй хөгжүүлэх анхдугаар таван жилийн төлөвлөгөөний эхний жил байсан учраас 1948 оны 1-р сарын 17-нд хуралдсан аймгийн Хөдөлмөрийн 5 дугаар бага хурлын илтгэлд эрүүлийг хамгаалах ажлын талаар тодорхойлон заахдаа: <<… Эрүүлийг хамгаалах ажил бол асар их ач холбогдолтой бөгөөд ард түмний эрүүл мэндийг хамгаалах явдал тэргүүн зэргийн зорилго болох ба шинжлэх ухааны эмнэлгийг цаашид хөгжүүлэн бэхжүүлэх, олон түмнийг эмчлэн сувилах ажилгааг сайжруулах  зорилго таван жилийн төлөвлөгөөнд ихээхэн суурь эзэлж байна… >> гэжээ.

Уг илтгэлд оруулсанаар манай аймагт 1948 онд их эмчийн салбар 1, 40 ортой аймгийн эмнэлэг, 75 ортой бага эмчийн салбар 16, сумын санитарын салбар 2, сүрьеэ өвчнийг эсэргүүцэх 3 ортой тасаг 1, эх баригчийн 10 ортой салбар 5, бэлэгсийн өвчний 10 ортой тасаг 1, төрхийн 4 ортой тасаг 1, хүүхдийн ба эмэгтэйчүүдийн зөвлөгөөний газар тус бүр 1, лабратори 1, аптек 1, сумын аптек 1, сумын санитарын  салбар 88, их эмч 2, бага эмч 17, эх баригч 5, сестра 32, эрхлэгч ба эм найруулагч 3, санитар 28, сумын аптекийн ажилчин 1 ажиллахаар,  үзлэг 63000, ор  хоног 30700, гэдэсний хижгээс урьдчилан сэргийлэх тарилга 2000, цусан суулгынх 4500, цагаан цэцгийн 400,  сахуугийн  500 бүгд 7400 тарилга хийх төлөвлөгөө өгснийг  тэмдэглэжээ.

Анхдугаар таван жилийн төлөвлөгөөний үе 1948-1952 онд аймгийн эмнэлгийн байгууллагын өмнө тавигдсан гол зорилт нь аймгийн эмнэлгийг их эмчийн бүрэн үйлчилгээтэй болгох, салбаруудад бага эмч ажиллуулж, эмнэлгийн тусламжийг сайжруулах явдал байжээ.

Эдгээр жилүүдэд  аймгийн эмнэлэгт   их эмч Б.Гэмпилмаа, Б.Дарь, Н.Лувсанбалдан, Батцэрэн, Цэрмаа  нар дараалан ирж ажилласнаас    Б.Гэмпилмаа, Б.Дарь, Н.Лувсанбалдан  нар хожим БНМАУ-ын гавьяат эмч цол хүртжээ.

1949 онд анхны ясли 4 гэрт 10 ортойгоор байгуулагдан анхны эрхлэгчээр Дамиран, сувилагчаар Дэлгэр, асрагчаар Насан нар томилогдон эмнэлгийн хэлтсийн дор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бол  цаашид  улсын төсвөөр  6 ясли байгуулагдаж, хөдөө аж ахуйн нэгдэлд ясли байгуулах ажил өрнөж бүх сум нэгдэл яслитай болсон байна. Хүүхдийн сүүний газар 1950 онд 2 гэртэй байгуулагдан анх Ц.Лхамжав, Р.Дэмбэрэл нар ажиллаж эхэлсэн байна.

Эрүүлийг хамгаалах хэлтсийн дарга Пэрэнлэй 1949 онд их эмч Батцэрэнд хэлтсийн даргын ажлыг шилжүүлснээр эрүүлийг хамгаалах хэлтсийн дарга, ерөнхий эмчээр дээд мэргэжлийн хүн ажиллах болсон байна.

1950-1955 онд их эмч Ц.Дугарням эрүүлийг хамгаалах хэлтсийн даргаар ажилласанаар больниц амбулаторийн үйлчилгээг чадамгайгаар хослон явуулж, бага эмч, сувилагч асрагчдыг эмчилгээний ажилд дагалдуулан сургаж, тэднийг өндөр сахилга баттай, хариуцлагатай ажилч хичээнгүй байхад сургасан  сайн зохион байгуулагч байсан байна. Тэрээр  хөдөөгийн эмнэлгийн салбарын ажлыг байнга эргэж шалгадаг, сумдын дуудлагыг  биечлэн гүйцэтгэж мэргэжлийн болон ажил төрлийн зааварчилгаа өгдөг байжээ.  1954 онд эрүүлийг хамгаалах хэлтэст хэлтсийн даргаас гадна орлогч дарга Гүнсэн, халдварт ариун цэврийн байцаагч Ч.Лувсанбалдан, эх нялхсын байцаагч Алтанхүү, тоо бүртгэлийн байцаагч Ц.Балган, нягтлан бодогч Д.Лоорой нар ажилласанаар үйл ажиллагаа нь өргөжиж иржээ.

Аймгийн эмнэлгийн байгууллагуудын төсөв жилээс жилд өсч эмнэлгийн материаллаг хангамж сайжирч ирэв. Архивын материалаас үзэхэд аймгийн захиргааны тэргүүлэгчдийн хурлын 1947 оны 2 дугаар сарын 17-ны 6-р тогтоолоор эмнэлгийн байгууллагын эд аж ахуйн бэлтгэл ажлын тухай хэлэлцэж, “… аймгийн хоршоодын холбооноос эмнэлгийн ор дэрний хэрэглэлд 1000 метр даавуу, хөвөнтэй хөнжил, санитар халад хийхэд 800 метр даавуу, орны бүтээлэгт зориулж 200 метр шалдааз олгохыг…”,  “аймгийн больницын барилгыг дуусгаж ажилд оруулахад модон эдлэл, элдэв хэрэглэлийг 4-р сарын 5-ны дотор бэлтгэхийг эрүүлийг хамгаалах хэлтсийн дарга Пэрэнлэйд даалгасугай” гэж үүрэг болгосон нь эмнэлгийн материаллаг хангамжийг сайжруулахад анхаарч байсны нэг баримт юм.

Аймгийн хөдөлмөрчдийн 6-р бага хуралд хэлэлцсэн төсвийн тухай асуудлаас үзэхэд   “1947 онд аймгийн орлогын 69,5 хувийг соёл, боловсрол, эрүүл мэндийн зардалд зарцуулав. Эрүүл мэндэд 354,6 мянган төгрөг төлөвлөж 356366 төгрөг зарсан ба 1948 онд эрүүл мэндийн төсвийг 377580 төгрөгөөр төлөвлөсөн байна. 1947 онд соёл, боловсрол, эрүүл мэнд, албан аппарат ба бусад зардалд 2217,0 мянган төгрөг зарсаны 356,4 мянган төгрөг  буюу 16 хувь нь эрүүл мэндийн зардалд ногдож байв. Эмнэлгийн бие даасан төсөв батлуулсан байгууллагуудыг авч үзвэл: 1954 онд эрүүлийг хамгаалах байгууллагын системд 6 газрын нэрээр төсөв батлагдаж 689,1 мянган төгрөгийн гүйцэтгэлтэй байсан бол 1960 онд 11 газрын нэрээр төсөв батлагдаж 1824,7 мянган төгрөг зарцуулж, 1968 онд 13 газрын нэрээр 3497,0 мянган төгрөгийн төсөв батлагдсанаас 3250,4 мянган төгрөг зарцуулж байв. Улсын төлөвлөгөөнд үзүүлэлт болж , тусгай төсөвтэй болсон газруудад арьс өнгөний диспансер 1957 оноос,  сүрьеэ өвчний диспансер, аймгийн төвийн түргэн тусламжийн станц 1959 оноос, ариун цэвэр халдвар судлалын станц 1960 оноос тус тус төлөвлөгөө төсөвтэй болж ажиллав.

Эмнэлгийн байгууллагуудын барилга материаллаг хангамж 1960 он хүртэл үнэхээр дутагдалтай, гэр голдуу, аж ахуйн аргаар баригдсан эмнэлгийн үйлчилгээний шаардлага хангах боломж муутай жижиг барилга бүхий орон байртай байлаа.

1957-1960 онд нэгдсэн больницын нэг загварын зураг төсөл бүхий шинэ барилга халаалт, цэвэр бохир усны системийн тоноглолтойгоор баригдаж ашиглалтанд орсон нь нэгдсэн эмнэлгийн үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, материаллаг нөхцөлийг сайжруулахад чухал нөхцөл бүрдүүллээ. Аймаг байгуулагдсанаас эхлэн 1960 он хүртэл баригдсан бүх барилга нь аж ахуйн аргаар ажилчдын хүчээр хэн нэг санаачлага гаргасан хүний сайхан сэтгэлээр боссон боловч тухайн үед эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд үр нөлөөгөө үзүүлсэнийг тэмдэглэлтэй. Эмнэлгийн барилга барих ажилд төвөөс эхлэн хөдөөд түгэн дэлгэрсэн юм.

1950-1960- аад оны хооронд аймгийн больницын мэргэжлийн тасгуудын орны тоо, боловсон хүчний хангамж нэмэгдэж, зарим тасгууд нь диспансер болон тусгаарлаж, үйл ажиллагааны цар хүрээ өргөжсөн юм. 1960 оныг хүртэл аймгийн эмнэлэгт дотор, мэс засал, хүүхэд, эмэгтэйчүүд, рентген, сүрьеэ, арьс өнгөний мэргэжлийн чиглэлээр  Б.Дашдорж, П.Бандрагч, Б.Гоош, Сандаг, Цэрэндаш, М.Бямбаа, Д.Жодов нарын 10 орчим их эмч ажиллаж байжээ.

1953 онд бага эмчийн 19 салбар 85 ортой ажиллаж байсан бол 1960 онд 25 салбар болон өргөжиж жилдээ амбулаториор 61600 хүн үзэж, 23044 ор хоног ашигладаг болж үйл ажиллагааны цар хүрээ тэлэгдсэн байна. Аймгийн больницыг тохижуулах, материаллаг баазыг бэхжүүлэх ажил жил тутамын төлөвлөгөө, төсвөөр хийгдэж, 1952 онд өвчтөний цагаан хэрэглэл шинэчлэх, 1953 онд больницын засварт  20000 төгрөг, 1956 онд аймгийн амбулаторийг нээхэд зориулж 15000 төгрөг, бор эсгий 50 ширхгийг олгож байсан зэрэг нь үйл ажиллагаанд чанарын ахиц гаргахад ихээхэн нөлөөлж байжээ.

1955 оны 9 дугээр сараас больницын  мэс заслын их эмч П.Банзрагч мэс заслын тасгийг нээж тохижуулан сүүдэргүй чийдэн, мэс заслын ор, багаж, мөгөөрсөн хоолойн дуран, физик эмчилгээний аппарат зэргийг олж бэлтгэхэд чармайлт гарган ажиллажээ. Дээрх тоног төхөөрөмжид 30000 гаруй төгрөгийг зарцуулж П.Банзрагч эмч мухар олгой, савны гаднах жирэмслэлт, ивэрхий, ур хавдар авч эмчлэх, бэртэлт хугаралтыг мэс заслын аргаар эмчлэх ажлыг аймагт анхлан хийсэн гавьяатай нэгэн билээ. Тэрээр 2010 онд хүний гавъяат эмч цол хүртжээ.

1955 оноос эхлэн арьс өнгөний өвчний эсрэг зохион байгуулалттай тэмцэх ажил хийгдэж их эмч Д.Жодов, Зөвлөлтийн мэргэжилтэн Ерохин  зөвлөгчтэй 7 дугаар отряд аймгийн хүн амд үзлэг хийсний дагуу 1956 оны 8 дугаар сард диспансер болон байгуулагдаж эрхлэгчээр их эмч Д.Жодовыг ажиллуулжээ. 1958 оны 6 дугаар сараас аймагт арьс өнгөний өвчнөөс эрүүлжүүлэх 17, 18 дугаар отрядууд ирж ажиллаж аймгийн хүн амд  I, II дугаар шатны үзлэгийг нийт хүн амын  94.7 хувийг хамруулан хийж эмчлэн эрүүлжүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулсан ба эдгээр  отрядад Зөвлөлтийн мэргэжилтэн В.И.Вершинин, Т.Н.Колесникова их эмч Б.Гоош, Очирсүх, Н.Цэрэнсодном, Д.Довдонбуу нар болон шинжлэгчид оролцжээ. Отрядын үзлэгийн хэсгийг Т.Н.Колесникова, эмчилгээний хэсгийг В.И.Вершинин хариуцан эмчилгээг гардан хийж эмнэлгийн ажилчдыг арьс өнгөний өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, эмчлэх арга  барилд сургахад тэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн төдийгүй  ажлаа дуусмагц ашиглаж байсан машин, эм хэрэглэлийг диспансерт шилжүүлснээр уг диспансер жинхэнэ ёсоороо ажиллах боломж бүрдэж байлаа.

Мөн ЗХУ-ын тусламжтайгаар 1959 онд  сүрьеэ өвчнийг илрүүлэн эмчлэх их эмч М.Бямбаа даргатай зөвлөлтийн мэргэжилтэн Е.Б. Михайловна зөвлөгчтэй шинжилгээний отряд аймгийн бүх хүн амд үзлэг хийж, сүрьеэтэй өвчтнийг илрүүлэн эмчлэх ажлыг хийсэн нь энэ өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулахад үр дүнгээ өгсөн төдийгүй энэ отрядын бааз дээр сүрьеэ өвчнийг эсэргүүцэх аймгийн диспансер  байгуулагдсан байна. Сүрьеэгийн диспансерын анхын эрхлэгч их эмч М.Бямбаа байсан бөгөөд 1960 оноос сүрьеэгийн анхны мэргэжил эзэмшсэн их эмч Ц.Хандсүрэн ажилласан байна.

Ийнхүү Зөвлөлтийн эмч, мэргэжилтнүүдээс анагаах ухааны шинэ шинэ арга барилд суралцан, ард иргэдийг эрүүлжүүлэх ажлыг хамтран хийж амжилтанд хүрч, тухайн үеийн оношлогоо, эмчилгээний  шинэ тоног төхөөрөмжид суралцан бүхий л боломжоороо ард нийтийг аливаа өвчнөөс ангижруулах, сэргийлэх ажлыг хийж нарийн мэргэжлийн эмчийн тусламжийг үзүүлэх ажилд ахиц гарсаар байжээ.

Суманд анхны их эмчийн салбарыг байгуулах хүсэлтийг ЭМЯ-нд тавьж  1955 оны 7 дугаар сард Дэлгэрхангай суманд 10 ортой сумын их эмчийн салбар нээж их эмч Б.Дашдорж эрхлэгч эмчээр ажиллажээ.  1956 онд Говь-Угтаал суманд, 1957 онд Эрдэнэдалай суманд их эмчийн салбар нээгдэж их эмчээр Д.Доржбат, Цэрэнрааш нар ажиллажээ. Ийнхүү хөдөөд их эмчийн тусламжийг хүргэж эхэлсэнээр 1958 онд 6300 хүнд үзлэг хийж, 3600 гаруй ор хоног ашиглаж байв.

Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, сайжруулахад  ариун цэвэр халдвар судлалын асуудал онцгой үүрэгтэйг анхаарч аймгийн яамны 1943 оны 7 дугаар сарын 11-ны 65 тоот тушаалд ариун цэврийн орон тоог хууль дүрмийн ёсоор нөхөн байгуулж, тэдний ажлыг эрс дээшлүүлэн ариун цэврийн хууль дүрмийн сурталчилгааг өргөн хийх, сумын захиргаадаас тэдний ажлыг шалгаж, ажлыг сайжруулах, төв суурин газарт хог шороог нэг дор хаяж байх, гудамж зах зээлийг нийтийн хүчээр цэвэрлэж ариун цэврийн ажлыг өндөржүүлэх, хүн олноор  цугларсан газар эмч, сестра нараас яриа таниулага хийж байхыг сумын захиргаад, хүн эмнэлгийн эрхлэгч нарт үүрэг болгон нас барагчдыг ил тавихыг хориглон тусгай газар бий болгохыг даалгажээ. Ийнхүү аймаг байгуулагдсан цагаас эхлэн ариун цэврийн талаар зохих ажил эрчимжиж ариун цэврийн хууль дүрэм хэрэгжиж байв. 1960 он хүртэл ариун цэвэр халдвар судлалын асуудлыг аймгийн эмнэлэг, салбарын эрхлэгчид  хариуцан хийдэг байсны зэрэгцээ эрүүлийг хамгаалах хэлтэст ариун цэврийн улсын байцаагч ажилладаг  болж, халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг өргөжүүлэх, ариун цэврийг сайжруулахад мэргэжлийн удирдлага чухал болсныг анхаарч 1960 оны 8 дугаар сард их эмч Ц.Дэмбэрэл эрхлэгчтэй халдварт өвчнийг эсэргүүцэх ариун цэврийн станд байгуулагджээ.

Хүн ам, эмнэлгийн байгууллагыг эм, хэрэгслээр хангах үүрэг бүхий эм хангамжийн байгууллага 1942 онд аймгийн эмнэлгийн салбартай хамт үндэс сууриа тавьсан байна. Аймгийн эмийн сан ганц гэрт  нэг эм олгогчтойгоор ажлаа эхэлжээ. Эмийн санд мэргэжлийн  курс хийж ажилласан анхны боловсон хүчин бол Нямсүрэн юм. Суманд анхны эмийн сан 1945 онд Дэлгэрхангайд, 1956 онд Говь-Угтаалд, 1957 онд Эрдэнэдалай сумдад байгуулагдаж,  1957 он гэхэд  сумдын 26.6 хувьд эмийн сантай болжээ.

1939 оны 4 дүгээр сард Улсын бага хурлын тэргүүлэгчид, Намын Төв Хорооны хавсарсан 99, 33-р тогтоолоор Улсын бага хурлын дэргэд улаан хрестийн эвлэлийн түр хороог байгуулан ард түмний хүчийг татан оролцуулах, ард түмэнд эмнэлгийн тусламжийг үзүүлэх мэдлэг олгох, орон нутагт улаан хрестийн анхан шатны байгууллагыг бий болгох тухай зааснаар аймгийн эмнэлгийн ууган салбарын хамт анхны улаан загалмайн байгууллага үүсчээ. Аймгийн улаан загалмайн байгууллага үүссэн цагаасаа эхлэн эмнэлгийн байгууллагын дотно туслагч болж, ард түмэнд эмнэлэг ариун цэврийн яриа таниулга хийх, өвчтөнийг эдгэрэхэд нь санаа сэтгэлээр дэмжих, ариун цэврийн мэдэгдхүүн олгох ажлыг зохиож байгууллагынхаа өмнө тавигдсан зорилтыг хэрэгжүүлсээр ирсэн байна. Улаан загалмайн анхан шатны үүр хорооны ажлыг сайжруулах талаар анхны нь дарга Ц.Намхай зүтгэл гарган ажиллаж байжээ.

Ийнхүү эрүүл мэндийн салбарт харъялагддаг байсан  олон байгууллагуудыг   удирдан зохион байгуулах, мэргэжил арга зүй, хүний нөөцөөр хангах, хөгжүүлэх нөр их  ажлыг эрүүлийг хамгаалах хэлтэс  чадварлагаар зохион байгуулж, гүйцэтгэж ирсэн байна.

Эдгээр он жилүүдэд  эрүүлийг хамгаалах хэлтсийн даргаар 1955-1956 онд их эмч Ж.Дугаржав, 1956-1960 онуудад их эмч Ц.Дэмбэрэл  нар ажиллажээ.

Хоёрдугаар үе. 1961-1990 он 

Материаллаг баазаар бэхжин, нарийн мэргэжлийн тусламжийн төрөл, хүрээ өргөжин, эмчилгээ үйлчилгээнд чанарын ахиц гарсан үе:

1960 онд МАХН-ын төв хороо, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн тогтоолын дагуу аймгийн Хөдөлмөрчдийн Депутатын Хурлын Гүйцэтгэх Захиргааны 111 тоот захирамжаар аймгийн Эрүүлийг хамгаалах хэлтсийг “Эрүүлийг хамгаалах газар”  болгон өргөтгөж  1960 -1962 онд газрын даргаар их эмч Г.Батчулуун ажиллажээ.

Энэ үеэс үндсэн нарийн мэргэжлийн болон нарийн мэргэжлийн тусламжийг хөдөөгийн хүн амд ойртуулах эхлэл бүрэн тавигдаж аймгийн больниц нэгдсэн эмнэлэг болж, хөрөнгө оруулалтаар барьсан шинэ барилга ашиглалтанд орж орны тоо 55 болон,  орны мэргэжлийн ялгаа нэмэгдсэн байна.

1960-1975 онд аймгийн хэмжээнд ажиллах их эмчийн тоо нэмэгдэж ялангуяа нэгдсэн больницд ажиллах их эмчийн тоо 3,6 дахин, орны тоо 45 хувь, үзлэг 70.7 хувь, ор хоног ашиглалт 40.0 хувиар өссөн ба 1968 оны байдлаар нэгдсэн эмнэлэг, хүүхдийн больниц, диспансеруудад үзүүлэгсэдийн 30.8 хувь , хэвтэн эмчлүүлэгсдийн 29.6 хувь нь сумдаас ирж тусламж авсан нь хөдөөгийн ард иргэдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ тодорхой хэмжээнд хүрснийг  илэрхийлсэн үзүүлэлт болжээ.

Аймгийн нэгдсэн эмнэлэг  нь  хот хөдөөгийн хүн амд нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх мэргэжлийн тасаг кабинеттай болж үйл ажиллагаа нь улам өргөжлөө. Ялангуяа эх нялхасын тусламж нь эмнэлгийн гол тусламжийн нэг хэмээн үзэж эх баригчийг тусгайлан бэлтгэж  1965 онд их эмчийн үйлчилгээний 28 орыг төрөх, эх барихын салбарт ажиллуулдаг болжээ. 1967 онд  улсын төлөвлөгөөгөөр хүүхдийн больниц байгуулагдсан байна.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1973 оны 104 дүгээр тогтоолын дагуу хүүхдийн больниц нь нэгдсэн эмнэлэгт нэгдсэнээр аймгийн нэгдсэн эмнэлэгт төрөх болон хүүхдийн тусгай тасгууд ажиллаж мэргэжлийн боловсон хүчнээр хангагджээ. 1970-1980 – аад оноос орчин үеийн тоног төхөөрөмж бүхий  туслах кабенитуудтай болж хөдөлмөрчдөд үндсэн нарийн мэргэжлээс гадна нүд, чих хамар хоолой, шүд, дүрс оношлогоо, дурангийн, булчирхайн, өсвөр үеийн нөхөн үржихүйн, хавдар, уламжлалт эмчилгээний зэрэг төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг үзүүлэх болсон нь өвчнийг эрт илрүүлэх, эмчилгээг хугацаа алдахгүй эхлэх, үйлчлүүлэгчдийн чирэгдлийг багасгахад чухал үүрэг гүйцэтгэж байв.

1975 онд хүүхдийн тасгийн ор 20 хувь, ор хоног ашиглалт 53.4 хувь өссөн ба хүүхдийн хэсэг 2 ажиллаж 0-1 хүртлэх насны хүүхдийг хяналтанд авах зөвлөгөө өгөх,  диспансерийн үйлчилгээг  сайжруулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн байна. Нэгдсэн эмнэлэг, сум дундын эмнэлэгт эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн мэргэжлийн эмч ажиллах болсноос гадна эх нялхаст зөвлөгөө өгөх газар тус бүр гурав ажиллах болжээ. 1974 оны байдлаар аймгийн хэмжээнд нийт оронд хүүхдийн ор 14.6 хувь, төрөх эмэгтэйчүүдийн ор 17.5 хувийг эзэлж, 10000 хүн амд хүүхдийн 12.9, төрөх эмэгтэйчүүдийн 15.4 ор тус тус ногдож байсан байна. Мөн яслийн тоо нэмэгдэн бага эмч, сувилагч зэрэг мэргэжлийн ажилтнууд ажиллаж, сумдад хүүхдийн сүүний газар нэмэгдсэнээр аймгийн хэмжээнд 15 сүүний газар ажиллах болжээ.

Хөдөөгийн хүн амд үндсэн  болон нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх анхны сум дундын эмнэлэг 1961 оны 7 дугаар сард Эрдэнэдалайд сумын их эмчийн салбарыг өргөжүүлэх замаар байгуулагдаж их эмч Цэрэнрааш, Х.Чимэд, Чулуун нар ажиллаж дотор, төрөх, мэс засал, хүүхдийн зэрэг 25 ортой, гэрэл, физик эмчилгээ, клиник латораторитой болсноор харъяа Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Адаацаг сумдын иргэдэд нарийн мэргэжлийн тусламжийг явж хүргэдэг болжээ. 1963 онд тус суманд эмнэлгийн шинэ барилга ашиглалтанд орсоноор үйлчилгээний цар хүрээ өргөжиж, тохилог нөхцлүүдтэй болсон байна. 1963 оны 7 дугаар сард Говь-Угтаалд  сум дундын эмнэлэг 25 ортой байгуулагдаж их эмч Л.Шатар, Ичинхорлоо нар ажиласан ба  эдгээр сум дундын эмнэлэг нь Цагаандэлгэр, Баянжаргалан сумдыг харъяалж үндсэн  дөрвөн мэргэжлээр хөдөөгийн хүн амд тусламж үзүүлэх төв  болж аймгийн хэмжээний сумдын 33 хувийг харъяалан үйлчилэх болжээ.  1961 онд Өндөршил суманд, 1963 онд Цагаан-Овоогийн нүүрсний уурхайд их эмчийн салбар байгуулагдсанаар  бүх сумд их эмчийн үйлчилгээнд хамрагдаж, зарим сумын эмнэлэг дотор, хүүхдийн гэсэн  2 их эмчтэй болсоноор  тусламж үйлчилгээний хүртээмж  сайжирсан байна. 1988 онд манай  улс 2 сая дахь иргэнийг хүлээн авах  ажлын хүрээнд хүүхдийн эндэгдлийг бууруулан ажилласан сайн ажиллагаатай эмнэлгийг урамшуулах болзол зарлан ажилласнаар Луус сумын хүн эмнэлэг шалгарч 2000 төгрөгөөр шагнуулж байжээ.

Аймгийн хэмжээнд эрүүл мэндийн салбарын материаллаг бааз нь жилээс жилд нэмэгдэн өргөжиж 1968 онд өдөртөө 200 хүнд үйлчлэх хүчин чадал бүхий аптектай, амбулаторийн 2 давхар барилга, 1971 онд 30 ортой хүүхдийн больниц, 1980 онд эмчилгээний тасгуудыг нэгтгэсэн 90 ортой  больниц, 1981 онд 40 ортой  халдвартын тасгийн 2 давхар барилга, 1988 онд эхчүүдийн амрах байр баригдаж сумдад 15 ортой эмнэлгийн барилгууд улсын төсөвөөр ээлж дараалан баригдан ашиглалтанд орж байснаар төв хөдөөгийн нийт эмнэлгүүдийн материаллаг бааз сайжирч, зохих дэг журамын дагуу эмчилгээ, үйлчилгээ явуулах, үйлчлүүлэгчдэд тав тухтай байдлыг буй болгох боломж хангагдсан байна. 1990 он хүртэл Мандалговьд 3, сум тус бүрт 1 ясли үйл ажиллагаа явуулж, хүүхдийн сүүний газар нийтдээ 15 ажиллаж хийх бүтээгдхүүний тоо, үйлчлэх хүүхдийн тоо өсч үйлчилгээний хүрээ  өргөжсөөр байв.

1961 онд ариун цэврийн станцын дэргэд эмнэлэг гэгээрлийн кабинет байгуулагдаж, 1963 онд бактерлогийн лаборатори, 1964 оноос орон тооны бус урьдчилан сэргийлэх тарилгын кабинет, 1965 оноос биохимийн лаборатори байгуулагдсан нь халдварт өвчнийг оношлох, ундны ус, хүнсний бүтээгдхүүнд шинжилгээ хийх зэргээр үйл ажиллагаа нь өргөжив. Ариун цэвэр халдвар судлалын станцын лаборатори байгуулах, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж олж бэлтгэх, ашиглахад их эмч Т.Хорлоо, Г.Жаргал, лаборант Надмид, Н.Цэвэлсүрэн  нар ихээхэн зүтгэл гарган ажиллаж байсан байна. Ариун цэвэр халдвар судлалын ажлын нэг гол хэмжүүр бол өвчин гарсан тохиолдолд хийх ариутгал байдаг. 1965 онд халдварт өвчин гарсан тохиолдлын 50.6 хувьд эцсийн ариутгал хийж байсан бол 1968 онд 79.9 хувь, 1974 онд хийсэн голомтын ариутгалын 49 хувийг эхний 3 цагт хийдэг болж үйл ажиллагаа нь сайжирсан байна. 1968 онд 7 төрлийн урьдчилан сэргийлэх тарилгыг 26.6  мянган хүн тунг хийдэг байсан бол 1975 онд 10 төрлийн урьдчилан сэргийлэх тарилгыг 37.4 мянган хүн тунг хийсэн нь    халдварт өвчний гаралтыг бууруулахад нөлөөлжээ. Ариун цэвэр халдвар судлалын станц боловсон хүчнээр бэхжиж нийгэм хангамж, үйлдвэр, сургууль, хүнсний эрүүл ахуйн чиглэлээр мэргэжлийн хүмүүс ажиллаж эхэлсэн байна.

Эм хангамжийн байгууллагууд маш хурдацтайгаар хөгжиж 1975 он гэхэд аймгийн эмийн сангуудын удирдах конторын харъяанд 16 эмийн сан 8-16 цагаар үйлчилж мэргэжлийн боловсон хүчин, материаллаг хангамж  сайжирсан байна. Эм хангамжийн албыг Г.Чоймон, Ж.Хишигдорж, Г.Сүхээ нарын ахмадууд олон жил хариуцан үр бүтээлтэй ажиллаж хөгжүүлж чадсан юм. 1962-1967 онуудад Өндөршил, Цагаан-овоо, Адаацаг, Сайхан-Овоо, Өлзийт сумдад эмийн сан байгуулагдан дараагийн жилүүдэд их эмчийн салбарын хамт байгуулагдаж байжээ. 1975 онд бүх сумд эмийн сангийн үйлчилгээнд бүрэн хамрагдаж, эмийн сангийн тоо 1957 оныхоос 4 дахин , мэргэжлийн эм найруулагчид 3.7 дахин өссөн байна.1966 оноос эмийн дээд  мэргэжилтэн эхлэн ажилласан  байна.

1990 он гэхэд Дундговь аймгийн Эрүүлийг хамгаалах газрын хэмжээгээр 550  гаруй ор ажиллаж байсны дотроос 90 ортой нэгдсэн эмнэлэг 1, 20 ортой сүрьеэгийн  больниц 1, 30  ортой арьс өнгөний диспансер 1, 50 ортой хүүхдийн  больниц 1, тус бүр 25 ортой сум дундын эмнэлэг 2, тус бүр 15 ортой сумын хүн эмнэлэг 12, оргүй сумын эмнэлэг 1, хүүхдийн ясли 18, ариун цэвэр халдвар судлалын станц 1, эмийн сан 16 зэрэг эмнэлгийн байгууллагууд төв хөдөөд ажиллаж эрүүлийн хамгаалах үйлсэд хичин зүтгэж байв.

Ийнхүү материаллаг баазаар бэхжин, нарийн мэргэжлийн тусламжийн төрөл, хүрээ өргөжин, эмчилгээ үйлчилгээнд чанарын ахиц гарч байсан энэ үе төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай үе байсан байна.

Хатуу чанд сахилга баттай, төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоотой нийгэмд олон байгууллагыг мэргэжил арга зүйгээр ханган, удирдан зохион байгуулж ажиллах нь төдийлөн хялбар байгаагүй ч нийгмийн сэтгэл зүй, шудрага, хөдөлмөрч зан төлөвшил, сурч мэдсэн мэдлэг, боловсрол, арга туршлага төдийгөөс өдий зэрэгтэй болгоход ихээхэн нөлөөлсөн байна. 1962 -1966 онд их эмч М.Шагдарсүрэн, 1966-1968 онуудад Ч.Галсандорж, 1968-1972 онуудад Д.Дашравжаа, 1972-1978 онуудад Л.Ролзодмаа, 1978-1984 онуудад Ё.Адъяа, 1984-1990 онуудад С.Дуламсүрэн нар аймгийн эрүүлийг хамгаалах газрын даргын албыг хашиж, тухайн үеийн улс орны хөгжилтэй тус салбарыг хөл нийлүүлэн алхахад өөрийн мэдлэгийг харамгүй зарцуулан ажиллаж байсан нь эрүүл мэндийн салбарын  хөгжилд түүчээ нь болж байсан сайн удирдагчид байжээ.

Дээрх дарга нарын өөр өөрсдийнхөө ажиллаж байх үедээ санаачилж, зохион байгуулсан аймгийн хэмжээний хүн амын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, эмнэлгийн салбаруудыг хөгжүүлэх, төсөв төлөвлөгөөг зохицуулах, боловсон хүчнийг сургаж дадлагажуулах, тэргүүний байгууллага хүмүүсийг тодруулах, сурталчилах зэрэг олон төрлийн үйл ажиллагааг гардан хэрэгжүүлэхэд гол үүрнг гүйцэтгэж, гар сэтгэл нийлж ажилласан хүмүүс нь тухайн үед тэдэнтэй хамтран ажиллаж байсан орлогч дарга, байцаагч эмч, боловсон хүчин, ерөнхий ня-бо ( П.Мөнхөө, Ш.Балжинням, А.Хатантөмөр, Л.Болормаа, Д.Лоорой, Б.Мөнхсүх, Х.Шонхор, Ч.Бямбаа, Ц.Цэвээн, Л.Бямбаа) нарын идэвхтэй үйл ажиллагаа тодорхой дэмжлэг болж байсныг тэмдэглэх нь зүй ёсны үнэлгээ гэж үзэж байна.

Гуравдугаар бүлэг: Эрүүл мэндийн байгууллагууд зах зээлийн харилцаанд шилжиж, зохицин ажиллаж эхэлсэн үе (1990 оноос хойших)

            Улс орны төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих шилжилтийн нарийн үйл явц эхэлсэнээр ард түмний амьдрал доройтож, цалин мөнгө хүрэлцэхгүй болж, төрийн байгууллагын  ажилтнуудыг олноор ажлаас цомхотгох, тэд худалдаа наймаа эрхлэх, амьдарлын эрхээр хот хүрээ шилжих болсноор эмч мэргэжилтэн дутагдах, эмнэлгүүдийн төсөв хөрөнгө дутагдаж өр, авлага үүсч улсын хөрөнгө оруулалт бүр мөсөн зогссон байлаа. Энэ хүнд бэрх үед  тус аймгийн удирдах байгууллагын харъяа  салбарын байгууллагуудыг зах зээлийн харилцаанд шилжүүлэх, эрүүл мэндээ хамгаалахад иргэдийн оролцоог  өргөжүүлэх, эмч мэргэжилтний хангамжийг нэмэгдүүлэх, материаллаг нөхцлийг сайжруулахад чиглэсэн олон арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжүүлэн хүн амд эрүүл мэндийн тусламж үзүүлэх үүргээ биелүүлж, улмаар салбарыг зах зээлийн харилцаанд шилжүүлэх амаргүй үйл явцыг даван туулсаар өнөөдөр нийгмийн эрүүл мэнд болон эмнэлгийн тусламжийг бүрэн үзүүлж чадах материаллаг нөхцөл бүхий техник тоног төхөөрөмж, эмч мэргэжилтэн ажиллаж байна. 1992 онд батлуулсан шинэ үндсэн хуулиар иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхийг тунхаглаж, төлбөргүй тусламж үйлчилгээний журмыг хуулиар тогтоож, эрүүл мэндээ хамгаалах нь иргэн бүрийн үүрэг болохыг тодорхойлж өглөө. Энэ үеэс  эрүүл мэндийн салбар эмнэлэгт суурилсан тогтолцооноос нийгмийн эрүүл мэндэд суурилсан тогтолцоонд шилжих үндэс бий болсон юм.

Дундговь аймгийн эмнэлэг урьдчилан сэргийлэх байгууллага нь 15 сум нэгдэл, Мандалговь хотын хүн амд эмчилгээ урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, төв хөдөөгийн эмнэлгүүдийн нэгж салбаруудыг материаллаг бааз, боловсон хүчнээр хангаж бэхжүүлэх, эмнэлгийн тусламжийн хүртээмж чанарыг сайжруулах, урьдчилан сэргийлэх ажилд төр, олон нийтийн байгууллага, хөдөлмөрчдийн туслалцааг өргөжүүлэх, иргэн бүр эрүүл мэндийнхээ төлөө тавих анхаарлыг дээшлүүлэх, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлж буй нийгэм, биологи, экологийн хүчин зүйлийг судлан зөв тогтоож, дүгнэлт хийж, авах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх, эмч ажилчдын ажлын хариуцлага, сахилгыг сайжруулах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд гол анхаарлыг төвлөрүүлэн ажилласан байна.

1990-ээд оны эхээр өөрчлөлт шинэчлэлт, ардчилал, ил тод байдал, нийгмийн шудрага ёс, хүний эрх чөлөөний асуудал хурцаар тавигдаж, улс төрийн амьдралд олон намын тогтолцоо цоо шинээр бүрэлдэн тогтож, 1991 онд өмч хувьчлах хууль журам гарснаар өмчийн харилцаанд өөрчлөлт гарч, хөдөөд малаа хувьчилж нэгдэл тарж, зах зээлийн харилцааны шинэ эхлэл тавигдаж байсан энэ үед эрүүл мэндийн салбарт ч зах зээлийн харилцаанд шилжих үйл явц өрнөж зарим үйлчилгээ төлбөртэй болж эрүүл мэндийн салбарын менежментийг хувьчлах, зарим боломжтой нэгж, эмийн сангуудыг төрийн өмч давамгайлсан байдлаар хувьчлах ажил эхэлсэн юм.

Нийгмийн шилжилтийн энэ хүнд үед эрүүл мэндийн салбарыг бүхэлд нь удирдан зохион байгуулж авч явах хүнд ачааг тэр үеийн Эрүүлийг хамгаалах газрын даргаар ажиллаж байсан Ш.Балжинням, Д.Отгонбаатар нар  өөрийн мэдлэг, чадвар, хамт олны дэмжлэгээр туулж, улс орны бодлогыг хэрэгжүүлэн ажилласан байна.

Аймгийн эрүүлийг хамгаалах байгууллага нь 1990 онд 250 ортой нэгдсэн эмнэлэг, сүрьеэгийн болон арьс өнгөний диспансер, сум дундын эмнэлэг 2, сумын эмнэлэг 13, их эмчийн салбар 1, эмийн сан 16, хүүхдийн ясли 17,  сүүний газар 16, ариун цэвэр халдвар судлалын станц 1 салбар байгууллагатай 110 их эмч, 485 эмнэлгийн дунд мэргэжилтэн,  нийт 900-аад ажилтантай ажиллаж байжээ.

Монгол улс зах зээлийн харилцаанд шилжсэн энэ үеэс эмнэлгүүдийн төсөв хөрөнгө хомсдож, хэвтүүлэн эмчлэх орыг цөөлөх, ажиллагсдын ачааллыг нь нягтруулах замаар  орон тоог цомхотгох шаардлага тавигдаж цаашид хүн бүр ажил мэргэжил дээрээ тогтвортой ажиллах баталгаа алдагдаж ирснээс мэргэжлийн зарим хүмүүс хувиараа ажил үйлчилгээ эрхлэх болсон ба их эмч Г.Өөлд эмэгтэйчүүдийн, их эмч Б.Цогтбаатар шүдний эмчилгээний чиглэлээр амбулаторийн үйлчилгээ бүхий үүдэн эмнэлгүүдийг ажллуулж эхэлсэнээр хувийн эмнэлгийн эх үүсвэр тавигджээ.

1990-ээд оны  үеэс шинээр эрүүл мэндийн салбарт олон нэгжүүд нэмэгдэн зохион байгуулагдсанаас Эрүүл мэндийн газрын харъяанд Монголын уламжлалт анагаах ухааны өв уламжлал, оношлогоо эмчилгээний дэвшилтэт арга барилыг орчин үеийн анагаах ухааны ололттой хослуулан зөв хэрэглэх, хөгжүүлэх ард түмэнд  хүргэх зорилгоор ардын уламжлалт эмчилгээний  кабинетыг амбулаторийн хэлбэрээр зохион байгуулж үйл ажиллагааг эхлүүлж, улмаар үйл ажиллагааг өргөтгөн 1995 онд аймгийн нэгдсэн эмнэлэгт уламжлалт эмчилгээний тасгийг 30 ортойгоор ажиллуулж, 2004 оноос биеэ даасан уламжлалт анагаах ухааны төв болгон үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлсэн нь улсын хэмжээнд биеэ даан ажиллаж байгаа уламжлалт анагаах ухааны 6 төвийн   анхдагч нь  болж 2013 онд улсын төсвийн хөрөнгөөр 2 давхар орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн төвийн барилгыг ашиглалтанд оруулан иргэдэд уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээг хүргэж байна.

Мөн 1990 –ээд оны дунд үеэс Эрдэнэдалай, Говь-Угтаал, Адаацаг, Өлзийт суманд Ариун цэвэр халдвар судлалын станцын салбар буюу Ариун цэвэр халдвар судлалын асуудал хариуцсан их, бага эмч орон тоогоор ажиллах болсон ба тухайн цаг үеийн бодлого чиглэл, системийн дээд байгууллагынхаа бүтцийн өөрчлөлтийн дагууд аймгийн ЭМГ-ын харъяа Ариун цэвэр халдвар судлалын станц нь  Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын газар болон зохион байгуулагдаж даргаар нь Д.Отгонбаатар, А.Амбасэлмаа нар ажиллажээ. 1996 онд ЭАХССтанц нь Нийгмийн Эрүүл мэндийн төвийн харъяалалд урьдчилан сэргийлэх асуудлыг хариуцсан тасаг болж нэгдсэн байна.

1997 онд аймгийн Засаг даргын 223 тоот захирамжаар аймгийн ЗДТГ-ын дэргэд ажиллаж байсан Эрүүл мэндийн хэлтэс нь хэрэгжүүлэгч агентлаг болж ажилласантай холбогдон НЭМТ-ийн эрүүл ахуй халдвар судлалын хяналтын байцаагчдыг мэргэжлийн хяналтын албанд, эрүүл зүйн химийн болон нян  судлалын лабораторийг стандарт хэмжил зүйн төвд, байгалийн голомтот халдварт өвчнийг эсэргүүцэн судлах алба, хортон мэрэгчдийг устгах халдваргүйтгэлийн албыг ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэст харъяалуулсан байна.

ЭМЯ-ны сайдын 1990 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/187 /162-р / тушаалыг үндэслэн Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын газрын дэргэдэх хортон мэрэгчтэй тэмцэх группыг ариутгал халдваргүйтгэл, ахуйн хортон шавьж, мэрэгч устгалыг аймгийн хэмжээнд хариуцан, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үүрэгтэйгээр “Халдваргүйтгэлийн товчоо”  нэртэй бие даасан аж ахуйн нэгж болгон, орон тоог 5 хүртэл нэмэгдүүлж өргөтгөн ажиллуулж албаны даргаар П.Мөнхөө ажиллажээ.

1991 оны 7 дугаар сарын 15-наас Өмнөговь аймгийн Байгалийн голомтот  халдварт өвчинтэй тэмцэх газраас тусгаарлан Дундговь аймгийн ЭАХС-ын хяналтын газрын харъяанд гоц халдвартын тасаг нэртэйгээр байгалийн голомтот  халдварт өвчин гарахад нөлөөлж болох байгаль нийгэм, биологийн хүчин зүйлийг судлах, амьтдын халдвар тархаах идэвхжилийг тогтоох, тэдгээр халдварт өвчнүүдээс хүн амыг урьдчилан сэргийлэх, өвчлөл гарсан тохиолдолд халдварлалтыг зогсоох үүрэг бүхий  их эмч, нян судлалын лаборант, ариутгагч, жолооч гэсэн 4 хүний бүрэлдхүүнтэй “Байгалын голомтот халдварт өвчнийг эсэргүүцэн судлах алба” байгуулагдсан байна. Анхны үйл ажиллагааг их эмч Д.Тагирваа, лаборант Н.Отгончулуун, ариутгагч Ц.Өлзийдүүрэн, жолооч О.Одсүрэн нар эхлүүлсэнээр цаашид өргөжин хөгжснөөр  одоо Зооноз өвчин судлалын төв болон нарийн мэргэжил эзэмшсэн мэргэжилтнүүдтэй, үйл ажиллагаагаа явуулж байна.

1992 онд аймгийн ЭМГ-ыг аймгийн ЗДТГ-ын “Эрүүл мэндийн хэлтэс” болгон өөрчилж түүний ерөнхий статус, бүтэц, хариуцах ажлын чиглэл, ажиллах дүрмийг баталж мөрдсөн байна.

Сумдын эмнэлгүүдийг сумын төр захиргааны мэдэлд бүрэн шилжүүлж, сумын эмнэлгүүдийг мэргэжилтэй боловсон хүчнээр хангах, сумдын захиалгынх нь дагуу  тоног төхөөрөмжийг нь олж бэлтгэх, урьдчилан сэргийлэх, эмчилгээ үйлчилгээний ажилд мэргэжлийн хяналт тавьж, эмч эмнэлгийн ажилтны мэргэжлийн мэдлэгийг дээшлүүлэх, түвшин тогтоох үүргийг эрүүл мэндийн хэлтэст үлдээсэн байна.

Эрүүл мэнд, Нийгмийн халамжийн яамны сайдын 1991 оны А/134 тоот тушаалаар манай орны хүүхдийн өвчлөл эндэгдлийн зонхилох  шалтгаан болж байгаа амьсгалын замын цочмог халдвар, суулгалт өвчний хүндрэлийг бууруулах, оношлогоо эмчилгээг сайжруулах, эрчимжүүлэх, хүүхдийн эсэн мэнд бойжих нөхцлийг хангах , хамгаалах, хөгжүүлэх тухай дэлхий дахины тунхаглалыг хөгжүүлэх зорилгоор “ Хүүхдийн амьсгалын замын цочмог халдвартай тэмцэх үндэсний хөтөлбөр”, “Хүүхдийн суулгалт өвчинтэй тэмцэх  хөтөлбөр”, “ Хүүхдэд ээлтэй эмнэлэг шалгаруулах журам”, “ 0-5 хүртлэх насны хүүхдийн бие бялдарын хөгжил үнэлэх хэмжүүр” зэргийг тус тус батлуулан мөрдөж эхэлжээ. Энэ ажлын хүрээнд 1992 онд сумдын эмч, эмэгтэйчүүдийн болон хүүхдийн эмч нарт эх барихын яаралттай тусламж, амьсгалын зам, суулгалт өвчний оношлогоо, эмчилгээний стандартаар эрүүлийг хамгаалах яамны хүүхдийг зөвлөх мэргэжилтэн Н.Гэндэнжамц, АУДС-ийн хүүхдийн тэмхимийн багш Малчинхүү, эх барих эмэгтэйчүүдийн ерөнхий мэргэжилтэн Б.Жав нар орон нутагт ирж эмч нарын мэргэжлийн мэдлэгийг дээшлүүлэх, сургалт зохион байгуулснаар  хүүхдийн эндэгдлийг бууруулахад ихээхэн хувь нэмэр оруулсан байна.

1992 онд УИХ-ын чуулганаар хүүхдийг 2 нас хүртэл эх нь асарч байхаар шийдвэрлэснээр аймаг, суманд байсан яслиудын үйл ажиллагаа зогссон байна.

Мөн онд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль гарч засаг захиргааны нэгжүүдэд өөрчлөлт хийгдэн Эрүүлийг хамгаалах газар аймгийн ЗДТГ-ын Эрүүл мэндийн хэлтэс /1992-1993 он/,  аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс /1993-1997 он/, Нийгмийн эрүүл мэндийн төв /1997-1999 он/ болон бодлого боловсруулах үүрэгтэйгээр ажилласан байна. Эдгээр жилүүдэд эрүүл мэндийн салбарыг удирдах үүргийг их эмч Д.Отгонбаатарт хүлээлгэсэн нь тэрээр итгэлийг хугалаагүй ажилласан сайн удирдагч байж чадсан юм.

ЭМНХЯамны 1993 оны А/180 дугаар тушаалын дагуу хүүхдийн хэсгийг өрхийн хэсгийн тогтолцоонд шилжүүлснээр хүн амд үзүүлэх эмнэлгийн анхан шатны тусламжийг өрхөөр үзүүлж хүн амын эрүүл мэндийг 5 бүлэгт ангилан жирэмсэн эх, 0-1 насны хүүхэд, онцгой хяналтын хүмүүсийг диспансерийн хяналтанд авч уг тушаалыг хэрэгжүүлж эхэлжээ.

Энэ үед эмнэлгүүд төсөв хөрөнгө болон бусад асуудлыг өөрсдөө шийдвэрлэж байгууллагын бие даасан үйл ажиллагааг өргөжүүлсэн сайн талтай байсан ч мэргэжлийн нэгдсэн удирдлага зохицуулалт алдагдаж эхэлсэн байна.

1994 оноос эрүүл мэндийн даатгалын хууль хэрэгжиж нийт хүн амын 90 гаруй хувь нь даатгалд хамрагдан, эмнэлгийн төсөв улсын төсөв болон даатгалаас  гэсэн 2 эх үүсвэрээс санхүүжих болсноор эрүүл мэндийн салбарын төсөв өссөн байна.

Хүнийг  эрүүл байлгах, өвчнөөс урьдчилан сэргийлэх нь өвчилсөн хойно нь эмчлэн эдгэрүүлэх, өвчний улмаас алдагдсан ажиллагааг нөхөн сэргээхээс олон дахин хямд зардалтай болох нь орчин үеийн анагаах ухааны судалгаагаар батлагджээ. Тиймээс улс орнуудын төр засгаас эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны цөм нь хувь хүн, хүн амыг аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг түлхүү хэрэгжүүлдэг бөгөөд манай улсад 1990-ээд оны дунд үеэс хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ арга хэмжээний хүрээнд нийгмийн эрүүл мэндийн үндэсний 10 гаруй хөтөлбөрүүдийг тус тусын нь зохицуулагчдыг томилон хэрэгжүүлж эхэлсэн байна. 1998 онд НҮБ-ын Хүн амын сангаас нөхөн үржихүйн эрүүл мэнд  хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хөтөлбөрийн хүрээ өргөжиж НҮЭМ-ийн 2 дахь хөтөлбөр 2002-2006 онуудад, Хүүхдийн өвчний цогц менежмент хөтөлбөр 1999 оноос, Амны хөндийн эрүүл мэнд хөтөлбөр 2006-2015 он, Сохорлоос сэргийлэх тэмцэх үйл ажиллагааны хөтөлбөр 2000-2010 он, Халдварт өвчинтэй тэмцэх  сэргийлэх хөтөлбөр 2002-2010 он, Хүнсний аюулгүй байдал, хоол тэжээлийн хөтөлбөр 2002-2010 он, Осол гэмтлээс сэргийлэх хөтөлбөр 2002-2008 он, Сумын эмнэлгийн хөгжлийн хөтөлбөр 2002-2008 он, Сэтгэцийн эрүүл мэндийн хөтөлбөр 2002-2007 зэрэг 20 шахам үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн нь  нийгмийн эрүүл мэндийг хөгжүүлэх ажилд ихээхэн ахиц гаргаж чаджээ.

Хамт олон эрүүл мэнд төслийн хүрээнд “Бамако”  төслийг НҮБ-ийн хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр анх хэрэгжүүлж, 15 суманд мотоцикл,  5-10 сая төгрөгийн эмийн эргэлтийн фондтой эмийн эргэлтийн сан, бүх сумдад түргэн тусламжийн машинтай болсноор тухайн үедээ том хөрөнгө оруулалтыг орон нутагтаа авчирснаар сумдын эмийн сангууд одоог хүртэл зохих эм хэрэгслийн нөөцтэй болж үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн ажилласан.

1999 онд аймгийн Эрүүл мэндийн газар нь бодлогыг хэрэгжүүлэх агентлагын хэлбэрээр байгуулагдаж даргаар нь тэр үеийн төрөх тасгийн эрхлэгч, нярайн эмч Ц.Даариймаа томилогджээ. Тэрээр эрүүл мэндийн үйлчилгээний нэгж бүрийн удирдлагын чадавхийг сайжруулах, өргүй болгох,  хэрэгжиж байсан хөтөлбөрүүд үргэлжлүүлж  үр дүнг тооцож ажиллах, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар байдалд ахиц гаргаж, анхан шатны тусламжийн материаллаг баазын бэхжүүлэх, салбарын хэмжээний ажиллагсдын мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилт тавин ажиллаж зохих амжилтанд хүрч байжээ.

1999 оноос аймгийн Засаг даргын захирамжаар  магадлан итгэмжлэх  аймгийн орон тооны бус салбар зөвлөлийг байгуулан нийт эмнэлгийн дээд болон дунд мэргэжилтний анкет  судалгааг гаргаж, эрүүл мэндийн магадлан итгэмжлэх албанаас их эмчид эмчлэх эрхийн, сувилагчид сувилах эрхийн лицензийг олгож эмнэлгийн тусламжийн чанарыг баталгаажуулсан ажлыг анхлан хийсэн байна.

Энэ үед хийгдсэн томоохон өөрчлөлтийн нэг бол 1999 онд засаг захиргааны нэгжийн өөрчлөлт хийгдсэнээр Мандалговь, Сайнцагаан сумууд нэгдэн Сайнцагаан сум  нэртэйгээр шинээр бүтэц зохион байгуулалттай болж, сумын хүн эмнэлэг ч  шинэ бүтцээр ажилллаж эхэлсэн байна. Энэ эмнэлгийн харъяанд өрхийн хэсгүүд, хуучнаар Сайнцагаан сумын эмнэлэг, аймгийн төвийн түргэн тусламжийн алба нийлж зохион байгуулалтанд орж Сайнцагаан сумын эмнэлгийн даргаар их эмч А.Нарантуяаг томилсон байна.

2000 оноос хүүхдийн өвчний цогц менежментийн  анхны сургалтыг ЭМШУИС-ын хүүхдийн тэнхимийн багш Агваандорж, Баярхүү, сургагч багш Онон, Гэрэлмаа нарын үндэсний сургагчид 11 хоногийн эмнэлзүйн сургалтыг зохион байгуулжээ. Үүнээс хойш орон нутгийн үндэсний сургагч багш Б.Ганхөлөг, Ц.Даариймаа, А.Нарантуяа, С.Ягаанчимэг, Х.Жаргал, Ж.Мөнхжаргал нар бэлтгэгдсэнээр орон нутагт Дэлхийн Зөн олон улсын байгууллагын санхүүжилтээр нийтдээ 7 удаагийн сургалтыг зохион байгуулж бүх сумдын их, бага эмч, багийн эмч , нарийн мэргэжлийн эмч нар, хүүхдийн тасгийн болон хүлээн авах түргэн тусламжийн сувилагчид хамрагдаж хүүхдийн өвчлөл эндэгдлийн голлох шалтгаан болж байсан амьсгалын замын цочмог халдвар, суулгалтын өвчний оношлогоо эмчилгээ, хяналтын мэдлэг сайжирч хүүхдийн өвчлөл, эндэгдэл буурсан амжиллтай хэрэгжиж байна.

Эрүүл мэндийн талаар дэлхий нийтэд баримталж буй бодлого үйл ажиллагаа дан ганц өвчнийг эмчлэхэд  бус хүн амд эрүүл мэндийн боловсрол эзэмшүүлж, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэн хөгжүүлэх, амьдарч сурч, ажиллаж буй орчиндоо эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх нөхцлийг бүрдүүлэхэд нь хүмүүст туслах, түүнд харилцан бие биенээ дэмждэг олон салбарын болон  нийгмийн дэд бүтцүүдийн хамтын ажиллагааг чиглүүлэх замаар хүн амын эрүүл мэндийн байдлыг дээшлүүлэхэд чиглэгдэж байгаагийн жишгээр аймаг орон нутагт “Хүн амын эрүүл мэндийн боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлж үйл ажиллагаанд нь ихээхэн анхаарал тавьж иржээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн сургалт явуулах сургалтын кабинетыг аймаг сумдад бий болгож эрүүл мэндийн мэдээлэл сургалт сурталчилгаа явуулах боломжоор хангагдсан нь иргэдийн эрүүл мэндийн боловсролд ихээхэн дэмжлэг болжээ.

2001 оноос аймгийн эрүүл мэндийн газрын даргаар их эмч Ц.Энхсайхан томилогджээ.

Энэ үеэс аймгийн төвд 3 өрхийн эмнэлгийг бие даалган ажиллуулах ажиллагааг сэргээн зохион байгуулж, өрхийн эмнэлгийн үйл ажиллагааны дүрэм батлан мөрдүүлж, тусламжийг иргэдэд ойртуулах үүднээс баг бүрт нь өрхийн эмнэлгийг байршуулан орон нутгийн болон “ Эрүүл мэндийн салбарын хөгжил-1” хөтөлбөрийн хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тухайн үедээ стандартын шаардлага хангахуйц өрхийн эмнэлгийн барилгыг Боржигон мандал өрхийн эмнэлэгт барьж  ашиглалтанд оруулжээ. Суврага-Эрдэнэ өрхийн эмнэлгийг төвийн орон сууцанд 2 өрөө байрыг худалдан авч засвар хийн тохижуулан оруулсан ба Өлзийт мандал өрхийн эмнэлгийг одоогийн 5 дугаар цэцэрлэгийн ард талын / тухайн үед ашигладаггүй байсан/ хэсгийг засварлан халаалтыг шийдвэрлэн оруулж үйл ажиллагааг эхлүүлж байжээ. Тухайн үед өрхийн эмнэлгүүдийг багаж тоног төхөөрөмжөөр хангаж орон нутгаас дэмжиж байсан нь өрхийн эмнэлгийг бэхжүүлэх томоохон алхам болжээ. 2002- оны 09 дугээр сарын 19-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотод “Өрхийн эрүүл мэндийг дэмжье” жилийн ажлын хүрээнд ЭМЯ-ны санаачлагаар АХБ-ын санхүүжилтээр “Монголын өрхийн эмч нарын анхдугаар чуулга уулзалт“ болж аймгийн төлөөлөгчид оролцож, өрхийн эмнэлгийн хөгжлийн асуудлаар хэлэлцсэн байна.

2003 оныг “Сумын эмнэлгийг дэмжих жил” болгон Засгийн газрын 89 дүгээр тогтоолоор батлагдсан “Сумын эмнэлгийн хөгжил хөтөлбөр” хэрэгжүүлэх ажлын хүрээнд сумдын эмнэлгүүдийн материаллаг бааз болон боловсон хүчний хувьд нь бэхжүүлэх, эмч мэргэжилтнийг тогтвор суурьшилтай ажиллуулах, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн суурь тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад орон нутгийн засаг захиргааны байгууллага, иргэдийн оролцоог идэвхжүүлэх зэрэгт чиглэгдсэн олон талт арга хэмжээнүүдийг авч ажилласан байна. Эрүүл мэндийн сайдын  санаачлагаар сумдын эмч нарын анхдугаар чуулга уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулжээ.

Эрүүл мэндийн хөгжлийн мастер төлөвлөгөөг анхан шатны нэгжүүдэд хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор нэгдсэн семинарыг хийж, аймгийн эрүүл мэндийн салбарын дунд хугацааны төлөвлөлтийг мастер төлөвлөгөөтэй уялдуулан хийж байсан төдийгүй Дундговь аймгийн эрүүл мэндийн салбарын хөгжлийн дунд хугацааны / 2010-2015 / стратеги төлөвлөгөө” –г баталгаажуулж,  эрүүл мэндийн хөгжлийг хурдацтай болгох, сайжруулах ажлыг хийж гүйцэтгэж байжээ.

Эрүүл мэндийн газар нь Эрүүл мэндийн сайдын 2010 оны 405 дугаар тушаал, Аймгийн Засаг даргын 2011 оны А/284 тоот захирамж, Эрүүл мэндийн газрын даргын 2011 оны А/65 дугаар тушаалын дагуу Эрүүл мэндийн газрын бүтэц орон тоонд өөрчлөлт хийж, Нийгмийн эрүүл мэндийн , Эмнэлгийн тусламжийн , Эдийн засаг, удирдлага, мэдээллийн хэлтэс гэсэн 3 хэлтэстэй үйл ажиллагааны зохион байгуулалтанд орж одоог хүртэл ажиллаж байна.

Энэ хугацаанд Эрүүл мэндийн газрын даргаар их эмч Ц.Энхсайхан, Б.Үнэнцэцэг нар ажилласан байна.